Өнгөрсөн блок маш хүнд блок болж өнгөрлөө. Ер нь бол хичээл нь хүнд болохоор биш, сэтгэлзүйн хувьд дарамттай, стресстэй болж өнгөрсөн болохоор. Хоёрын хооронд 0.3% гэх мэт оноон дээр багштай очиж уулзаад л, дүнгийн гомдол гаргаад байснаа бодохоор бүр өөрийгөө танихгүй байна. Багш намайг аймар атаархуу, бусадтай өөрийгөө харьцуулдаг гэж бодсон байх. Би 7 жил хувийн байгууллагад ажилласан, хүмүүсийг удирдаж байсан, өөртөө сэтгэл дүүрэн байсан. Компанид ажиллах хугацаандаа дүн ерөөсөө чухал биш юм байнаа. Character юм байна гэдгийг ойлгочихоод энд хүрч ирээд ийм хачин зан гаргах ч гэж.
Мөөгий надаас блокын туршид дүн асуугаад харьцуулаад байсан. Тэрнээс нь болоод хоёрын хооронд жижиг сажиг оноон дээр стресстээд 1% -ийн онооны зөрүүн дээр өөртөө дургүй хүрч, тэнэг мангараа гайхаж өөртөө итгэх итгэлээ алдсан байна. Хүн ер нь өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байхад тэр оноо моноо хэнд ч хэрэггүй. Хүн оноо алдаж болно, гэхдээ өөртөө итгэх итгэлээ л алдаж болохгүй. Хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг. Яг ажил дээр гарахад голч 3.3 байна уу 3.5 байна уу ямар ч ялгаа байдаггүй л байхгүй юу.
Alex-ийг сонирхохоо больсон шалтгаан нь бас энэнээс болсон. Сүүлд байнга дүн асуугаад байгаа нь ерөөсөө таалагдаагүй. Хүнийг дүнгээр хэмжээд байгаа юм уу хаашаа юм. Бүр алдах эрхгүй юм шиг, хамт байхад тухгүй болж байгаа юм. Сайн дүнтэй байсан ч гэсэн тэрийг хэлэх нь тэрэнд таалагдах гэж тийм дүн авсан ч юм шиг санагдаж байгаа юм.
За за, дүн бол тодорхой хэмжээнд хүний чадварыг үнэлэх хэмжүүр мөн. Гэхдээ бусадтай харьцуулах нь хэнд ч хэрэггүй. Хүний дээр гарах гээд л, зарим хүнийг дорд үзээд л байвал өөрөө л хохирч үлдэж дуусна. Яагаад гэвэл хүний дээр хүн гэж байдаггүй. Бүгд ижил, хүн бүрт бусдад өгч чадах, тусалж чадах, хийж чадах, бусдаас ямар нэгэн байдлаар илүү чанар үргэлж байдаг. Тийм болохоор өөрийгөө бусадтай харьцуулахгүй амьдарцгаая.