Хүүхэд байхдаа зүгээр л гадаадад суралцахыг мөрөөддөг байлаа. Ажилд ороод бас л гадаадад сурахыг мөрөөдсөөр л байлаа. Гэтэл яг мөрөөдлөө биелүүлээд гадаадад хүрээд ирсэн чинь буруу бодож байснаа ойлгож байна. Гадаадад сурна гэдэг бол зүгээр л нэг шат юм байна. Яагаад өдий олон жил мэдлэг боловсролоо сайжруулах тал дээр ерөөсөө ажиллаж байгаагүйдээ харамсах шиг. Маш их хугацааг хий дэмий мөрөөдөж өнгөрөөжээ. Тэрний оронд мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлж байх минь яав даа гэж бодогдох юм. Гадаадад сурна гэдэг бол мөрөөдөл биш юм. Хүн хаана ч байж болно. Ямар ч сургууль төгсөж болно хамгийн гол нь цаг хугацааг маш үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Хий дэмий хоосон мөрөөдөж биш хийж бүтээж өнгөрүүлэх хэрэгтэй. Бас хэзээ ч тав тухтай бүсэд удаж болохгүй. Тэгэх л юм бол хэн ч биш болж байгаагийн илрэл.
Гэхдээ орой ч гэсэн хамаагүй үүнийг ойлгосон минь яамай даа. Хэрэв Америкт ирээгүй байсан бол хий дэмий мөрөөдөхөө үргэлжлүүлсээр л байх байжээ. Хүн ер нь алдаж байж ухаардаг бололтой. Хаа хүрэхээ сайн мэдэхгүй ч урд харагдах бүдэгхэн замаа хараад урагшаа алхах л хэрэгтэй. Тэгж байж нэг алхамын өмнө ямар хүн байсан, ямар тэнэг байсан, юмыг яаж буруугаар бодож байснаа ухаардаг юм байна. Ингэж ухаарах тоолонд өөрөө өөртөө дургүй хүрч ирээдүйн амьдралдаа юу хийх яах ийх тал дээр санаа зовж өөрөө өөрийгөө голох нь их юм. Хэдийгээр одоо ирээдүйд яах юу хийхээ сайн мэдэхгүй байгаа ч гэсэн өмнөө байгаа жижиг жижиг зорилгуудад хүрээд, даваануудаа эхнээсээ даваад явъя даа.
Мөрөөдөл намайг ямар нэгэн юманд хүргэнэ, гэхдээ маш хурдтай мөрөөдөлдөө хүрэх хэрэгтэй. Миний хувьд миний мөрөөдөл гэж бодож байсан зүйлс маань зүгээр л алхамууд байжээ. Жижиг алхамыг мөрөөдөлтэй андуурч тэр алхамыг хэт томоор төсөөлж түүнийгээ давж чадахгүй маш хугацааг алдсан байна. Тэр алхмуудыг жижигхэнээр төсөөлөөд өөрөө өөрийгөө бага багаар идэвхжүүлэн дараагийнхаа алхамд хүрэх.